2013/08/30

хотын үлгэрүүд \гарчээ\


Өлзийгийн шинэ ном гарчээ. Хараахан умшиж амжаагүй л байна.
Аюурын ярилцлага уншисан чинь, яруу найрагчийн хувьд ингээд зодог тайлж байна, яруу найрагт хийх гэж хичээж явсанаа эмхэтгэж "Бясалгал"-г гаргасан гэх...

Аюур гэснээс саяхан нэг дарваантай ном, зохиол мохиол яриж яваад Аюур-ын зохиолд нөгөө нэг гей хэсэг гардаг тухай ярисан их сонирхож байх шиг байсан. 

Хуучин блог цоожилсон тул... ахин толилуулсуу
Уг хэсэг Аюурзанын "Гурамсан цадиг" трилогийн Цуурайнаас төрөгсөд гэсэн цуврал өгүүллэгт нь гардаг болно. 



“... Шөнө нь Гэрэлт-Одын хөрш согтуу ирлээ. Насанбилиг түүний орон дээр унтаж байсан юм. Уг нь тэд бишгүйдээ л ийн нийлж хөлчүүрхдэг, хэн хэнээсээ цэрвэхээргүй дотно нөхөд л дөө. Харин тэр шөнө Дарьяамын янаглан гиншихийг чагнаад цурам хийж ч чадахгүй хөрвөөж байтал согтуу орос ирж, хажуугаар нь хэвтэв. Репиний “ Ижил мөрний барлагууд” хэмээх зураг дээрх шиг хөлөг онгоц чирсээр Астраханийн эрчүүд баавгай мэт биерхүү амьтад болж өсдөг. Согтуу, бахим гартай тэр бүдүүлэг эр Насанбилигийн араас бараг л эмэгтэй хүнийг энхрийлж байгаа мэт санаа зовмоор нялуун тэврэхэд, тэр өөрөө ч мэдэлгүй эвгүйрхэн, ичих ч шиг болж, тийн ичиж эвгүйрхсэндээ өөрөөсөө санаа зовж билээ. Санаа зовохуйд үнэхээр л тэр хоромхон зуур жинхэнээсээ эмэгтэй хүн болчих шиг хачин сэтгэгдэл хамаг биеийг нь баглаж хүлээд, тэр анх удаа биеэ эзэмдүүлэх гэж байгаа охин шиг дагжжээ. Үүндээ бүр ч их ичиж шаналсандаа хорсч, архиныхаа нөхдийг нэвширтэл нь нүдчихмээр санагдсан сан. 
Яг одоо тэрээр нөгөө орос шиг согтуурхаж, цаашаа харан унтаж буй Бэгтэрийн туранхай, юугаараа ч юм бэ эмэгтэй хүнийг санагдуулах цэх шулуун нуруун дээгүүр гараа давуулахдаа цаадхи нь гэнэт биеэ хураахыг мэдрэв. Бэгтэрийн дотор ч бас урьд нь амилаагүй явсан эмэгтэй хүн сэрээд, сэрснээ мэдэгдэхгүй гэсэндээ туулай шиг хярж байна. Тэр туулайн зүрх оволзож, үүнд эвгүйцсэн Бэгтэр одоо согтуу толгойг нэвширтэл жанчихад бэлэн болов.
“Яг л над шиг…”
Бүхий л хорвоо нэгэн цагт хэд хэдэн толиноо зэрэг туслаа.
Нэг толин дотор : Бачимдаж хилэгнэсэн Бэгтэр огло харайн босоод Насанбилигийг хайр найргүй балбаж гарав. Согтуу ухаанд л согтуу дурсамж амилдаг. Уруулаа хэгз цохиулах яг тэр агшинд л Насанбилиг олон жилийн өмнө Казань хотын оюутны нэгэн байрны хонгил дахь халуун усны өрөөний чулуун шалан дээр халтиран унаснаа, хоёр анд нь хөл дээрээ эгц ч гишгэж чадахгүй байгаа түүнийг дэмнэж босгуутаа зугаагаа гаргах мэт хүйтэн шүршүүр рүү түлхэж ахин хальтруулахыг, цэл хүйтэн шүршүүрийн хүчтэй ширүүн урсгалд цохиулан зүрх нь ёг хийн хаагдаж, ертөнц үүрд нам гүм, таг дүлий оргихыг там тум мэдэрсэнээ санажээ.
Өөр нэг толин дотор : Бэгтэрийн хүүхдэрхүү зөөлөн арьсийг согтуу Насанбилиг Дэлгэрмаагийн нуруутай андууран илбэж, харин Бэгтэр өдий болтол бодсоор явсан “Эрэгтэй хүнд эзэмдүүлж байхдаа, эр бэлиг эрхтэн биерүү нь шунган орох тэр үед эмэгтэйчүүд яг юу мэдэрдэг болоо?” хэмээн бодож явснаа биеэр үзэхээр сэм хүлээр зуураа сэтгэлдээ аль хэдийнэ бийр будаг нийлж, болох гэж буй бусармаг учралыг нэг бүрчлэн зурахаар зэхэж байлаа. Дэлгэрмаа онгон байгаагүйнхээ төлөөс болгож биеийнхээ бусдад найр тавиагүй нэгэн үүдийг Насанбилигт зориулсан аж…” 

3 comments:

Особу said...

goyiin olj avhiimsaan :)

чандаа said...

анх л.ө-г уншиж байхад гоё санагдаж байсан бол хотын үлгэрүүд-ээс яг л хэдэн жилийн өмнө ямар байсан, түүгээрээ ч байх шиг. нэгэн хэвийн ч юм шиг.

Цагаанаа said...

oso> харин тэхх, Өлзийгийн шинэ ном гарахаар хурдан л уншмаар байдийн шүү, минийх ирж явааа

чандаа\ нэгэн хэвийн л санагдсан уу, уншаад би бас сэтгэгдэлээсээ хуваалцнаа